Газарзүйн хичээл

2015-02-27 - Монгол орны тухай

 mongol orni tuhai

Монгол -уужим дэлгэр орон. Монгол улс газар нутгийнхаа талбайн хэмжээгээр дэлхийд 17 дахь байр эзлэх 1566.5 мянган хавтгай дөрвөлжин километр буюу Франц, Испани, Португал, Их Британи ба Ирланд зэрэг улсуудын дэвсгэр нутгийг нэгтгэсэн талбайгаас илүү нутагтай. Монгол орны хилийн урт. Монгол орон уудам учраас түүний хил их урт (8200 гаруй км). Хэрэв бид энэхүү хилийн шугамын дагуу өдөр тутам 20 км алхаж тойрон аялал хийнэ гэвэл бүтэн нэг жил, нэг сар, арав хоног хэрэгтэй болно. Азийн зулай. Монгол орны умард, төв хэсэг нь 2 тэрбум гаруй жилийн өмнө үүссэн цагаасаа хойш огт хувираагүй үлдсэн эртний их газрын царцдас буюу "Азийн эртний зулай" гэгддэг. Энэ санааг Польшийн судлаач И.Д.Черский, Австрийн геологич Э.Зюсс, Оросын геологич В.А.Обручев нарын зэрэг эрдэмтэд анх дэвшүүлсэн нь эдүгээгийн геологийн судалгаагаар улам батлагдсаар байна. Монгол орны голомт буюу төв цэг. Айл гэрийн голомт тулсан тулганы нь голд байдаг. Тэгвэл улс орны маань газар зүйн төв голомт буюу төв цэг хаана байдаг вэ? Өвөрхангай аймгийн Бүрд сумын Сант уулын зүүн урд булгийн эхэнд (х.ө. 46°52', з.у. 103°50'-ын солбицолд) Монгол орны нутгийн газар зүйн төв цэгоршдог. Үүнийг газарзүйч Ш.Шагдар 1978 онд тогтоосон бөгөөд тэнд өдгөө суварга бүхий цогцолбор бий. Монгол орны хамгийн өндөр цэг. Монгол орны хамгийн өндөр цэг нь д.т.д. 4374 м өргөгдсөн Алтай таван богдын "Найрамдал" оргил юм. Монгол орны хамгийн нам дор газар. Монгол орны хамгийн нам дор газар нь д.т.д. 560 м өргөгдсөн Хөх нуурын эрэг юм. Азийн их даралтын төв. Өвлийн цагт Монгол нутагт дэлхийн бөмбөрцгийн хойд хагасын агаарын их даралтын төв тогтмол үүсдэг бөгөөд үүнийг Азийн их даралтын төв гэж нэрлэдэг. Энэ нь нэгдүгээр сард агаарын даралт нь 1055 м.у.б.ө. (мөнгөн усны баганын өндөр) хүрч тэмдэглэгддэг Улаангом хот юм. Монгол орны элс. Монгол орны элст нутгийн талбай 29.9 мянган ам. км буюу ойролцоогоор Бельги улсын нутаг дэвсгэртэй тэнцэнэ. Дэлхийн хамгийн хойш түрж орсон манхан элс. Увс аймгийн Зүүнговь сумын нутаг Бөөрөгдэлийн элс хойд өргөрөгийн 50°18'-д оршдог бөгөөд дэлхийн бөмбөрцгийн манхант элсний хамгийн хойд зах ажгуу. Монголын хамгийн том говь. Монголын алдарт 33 говийн дотор хамгийн том нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутгийн ихэнхийг эзэлдэг Галбын говь юм. 200 км урт, 50 гаруй км өргөн, 70 гаруй мянган км2 талбай эзэлнэ. Хамгийн их элс. Манай улсын хамгийн их талбай эзэлдэг элс нь дээрх Бөөрөгдэлийн элс юм. Энэ элс 45 км өргөн, 180 км урт үргэлжилдэг. Дэлхийн мөнх цэвдгийн урд зах. Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын нутаг Дарагт уулын баруун урд хошуу хойд өргөрөгийн 46°17'-д оршдог бөгөөд энэ газрыг дэлхийн бөмбөрцгийн хойд хагасын ул хөрсний үргэлжилсэн цэвдгийн хамгийн урд зах гэж газар зүйчид үздэг. Монгол орны хамгийн урт гол. Монгол орны олон гол мөрний хамгийн урт нь Хэрлэн юм. Хэрлэн голын нийт урт 1264 км бөгөөд үүний 1090 км нь Монголын нутаг дээгүүр урсдаг. Монгол орны хамгийн том мөрөн. Монгол орны гол мөрдийн хамгийн том нь Байгал нуурт цутгадаг 992 км урт Сэлэнгэ мөрөн юм. Дурдсан уртын 590 гаруй км нь Монгол улсын нутагт байдаг бөгөөд мөрний ус цуглуулах талбай нь 447000 км2 юм. Монгол орны гол мөрний урт. Монгол орны гол мөрний нийт урт 67000 км буюу тус орны хилийн шугамаас 8.2 дахин урт юм. Дөрвөн мянган нуурын орон. Монгол орон 0.1 ам.км-ээс их талбай бүхий 4000-аад нууртай. Эдгээрийн нийт талбайн хэмжээ 15640 ам.кмамой. Мокгол орны хамгийн том тогтмол нуур. Монгол орны хамгийн том тогтмол нуур нь Увс нуур юм. Усны талбай нь 3350 км2. Монгол орны хамгийн том, урсгал, гүн, цэнгэг нуур. Монгол орны хамгийн том урсгал нуур нь Хөвсгөл нуур. Усны талбай нь 2770 км2. Гүнээрээ Монголд төдийгүй Төв Азид хамгийн гүн (267.2 м) нуурт ордог. Нийт 403 цутгалтай Хөвсгөл нуурын усны найрлага Байгал нууртай төстэй, тунгалгаараа дэлхийд гуравдугаарт орно. Монгол орны "Хөх сувд" хэмээн алдаршсан Хөвсгөл нуур уртаашаа 136 км, өргөөшөө 37 км бөлгөө. Монгол орны усны хагалбарын гол голомт. Монгол орныг дэлхийн гурван ай савын усны хагалбар гэдэг. Тэгвэл эдгээрийн хамгийн гол хагалбар нь Хэнтийн нурууны үргэлжлэл Цогтчандмань уул юм. Энэ уулын араас буусан ус Туул голоор дамжин Хойд мөсөн далайд, зүүн урдаас нь буусан ус Хэрлэнгээр дамжин Номхон далайд, баруун урд талаас буусан ус нь дотоодын урсгалгүй савд орж нийлнэ. Монгол орны хамгийн том мөсөн гол. Монгол орны мөнх цаст уулсын мөсөн голуудаас хамгийн том нь Алтай таван богд уулын Потанины мөсөн гол юм. Урт нь 20 км, өргөн нь 5 км. Хамгийн өндөр хүрхрээ. Хөвсгөл аймгийн Хорьдол сарьдаг уулаас эх аван урсдаг Арсайн голд манай улсын хамгийн өндөр хүрхрээ буй. Энэ хүрхрээний ус 70 м өндрөөс буудаг. Монголын хамгийн том тал. Монгол орны нүд алдам өргөн талуудын дотроос хамгийн том нь 250-иад км2 талбай эзэлдэг Дорнодын тал ажгуу. Дорнод аймгийн Матад, Халх гол сумын нутгийн ширээ мэт хавтгай энэ тэгш талд хааш хаашаа 100 км аялахад нэг ч толгод, гүвээ, хунх нугачаа үл тааралдана. Байгалиас заяасан унаган төрхөөрөө, атар онгон ийм тал дэлхийд ховор. Байгалийн олон бүс, бүслүүр, мужит орон. Монгол орны хойноос урагш ойт хээр, хээр, говь, цөлийн гэсэн өргөрөгийн дөрвөн бүс, өндөр уулст авирахад тайгын болон тагийн (альпийн) бүслүүр ажиглагдана. Тус орны байгалийн бүс, бүслүүр, гадаргын байдлыг харгалзан Хангай, Хэнтий, Алтайн уулархаг, Дорнодын талархаг, Говийн гэж дөрвөн их мужид хуваадаг. Уур амьсгалын тэгш хэмт орон. Монгол орон уур амьсгалын хувьд тэгш хэмийн хувиарлалттай нутагтай. Бөмбөрцгийн хойд хагасын 47 градусын өргөрөг, зүүн уртрагийн 104 градусын огтлолцоогоор монгол нутаг үндсэндээ дөрвөн тэгш хуваагддаг. Монгол орны уур амьсгалын хос багана. Монгол гэрийн хоёр багана шиг монгол орон уур амьсгалын босоо бүслүүрийн хос хоёр баганатай. Зүүн уртрагийн 99 градус (±1 градусын хэлбэлзэлтэй)-ын дагуу уур амьсгалын баруун багана, зүүн уртрагийн 108 градус (+1 градусын хэлбэлзэлтэй)-ын дагуу уур амьсгалын зүүн багана болон монгол орны уур амьсгалын бүх шинжийг үндсэндээ эн чацуу илэрхийлнэ. Монгол дахь жилийн дөрвөн улирлын тэгш хэм. Дэлхийн хойд хагасын сэрүүн бүсийн уур амьсгалын тэгш хэмийн нутаг монгол орны жилийн дөрвөн улирлын (тэгш хэмийн) уур амьсгалыг бүрэлдүүлэн бий болгодог. Өвлийн идэр есийн хүйтний эрчим зуны аагим халуунтай хэм тэнцүү, хаврын хахир нь намрын сэрүүсэлтэй ижил уялдаатай. Монгол орны хамгийн их хур тунадаст нутаг. Монголд жилд хамгийн их тунадас унадаг нутаг нь Хэнтий аймгийн Дадал сум юм. Энд жилд 387 мм тунадас унана. Монгол орны хамгийн бага тунадас унадаг газар нь Говь-Алтай аймгийн Захуй сумын нутаг юм. Энд жилд дөнгөж 45-хан мм тунадас унадаг. Цэлмэг тэнгэрийн нутаг. Галбын говийг арчсан толь шиг цэлмэг тэнгэрийн нутаг гэж хэлж болно. Энд жилийн нар гийгүүлэх хугацаа 3100-3200 цаг буюу хоногийн нартай байх хугацаа монгол орны аль ч бүс нутгаас илүү, өөрөөр хэлбэл эл нутагт тэнгэр жилд 320-330 хоног цэлмэг байна гэсэн үг. Хамгийн ариун агаарын орон. Хүний биед хамгийн тохи-ромжтой харьцангуй чийглэг 30-70% гэж үздэг. Тэгвэл монгол орны агаарын харьцангуй чийглэгийн жилийн дундаж хэмжээ түүнтэй тохирдог байна. Ийм хуурайшилтай агаарт янз бүрийн бактерийн үржил тун бага байдаг. Энэ нь монгол орны уур амьсгалын нэг сайн тал юм. Тэгээд ч "Агаарын ариухан нь хөдөө юм аа хө" гэж дуунд дуулагдах болсон биз. Монгол улсын хамгийн өндөрт оршдог хот нь д.т.д. 2181 м өргөгдсөн Алтай хот, сумын төв нь д.т.д. 2400 м өргөгдсөн Ховд аймгийн Дуут сум юм. Монгол улсын хамгийн нам дор орших хот, суурин. Монгол улсын хамгийн нам дор газарт орших хот нь д.т.д. 616 м өндөрт оршдог Сүхбаатар хот, сумын төв нь д.т.д. 600 м өндөрт оршдог Дорнод аймгийн Чулуунхороот сумын төв юм. Монгол нутгийн тулгын гурван чулуу. Монголын хуучны хүрээ хийдүүд: Дамбадаржаалин, Амарбаясгалант.Эрдэнэзуу гурван хийд нь хоорондоо адил 300-аад км-ийн зайтай баригдсан тул эдгээрийг монгол нутгийн тулгын гурван чулуу гэж нэрийддэг байжээ. Монгол орны биологийн нөөц. Монгол орны ургамал, амьтан, тухайлбал манай оронд тэмдэглэгдээд байгаа 4000 гаруй зүйл дээд цоорт ба доод ургамал, 15000 гаруй зүйл шавж, 600 гаруй зүйл элдэв сээр нуруутан амьтад хийгээд ус болон хөрсөнд амьдардаг олон зүйлийн сээр нуруугүй жижиг амьтдаас монгол орны биологийн нөөц буюу биомасс бүрдэнэ. Монгол-Охотын геосинкпинал. Охотын тэнгисээс монголын дорнод хэсэг хүртэл үргэлжилдэг, эрт, дунд төрмөлийн үеийн тогтолцоот геосинклинал бүтцийг хэлнэ. Болор, молор, биндэрьяа агуулсан маагмын судал, алт, мөнгө, холимог төмөрлөгийн ордын илрэл ихтэй тул чухал ач холбогдолтой. Гурван зуун богд. Монголд Богд гэдэг үг орсон уул 300 бий гэж газарзүйч Ш.Шагдар бичсэн байдаг. Эдгээр богдуудын дотроос хамгийн өндөр нь Алтай таван богд юм. Түүний оргил д.т.д. 4374 м өндөр өргөгдсөн. Дэлхийн байгалийн ес дэх гайхамшиг гэлтэй. Бразил улсын Риу-Негри болон Амазонк мөрний уулзварыгонгоцноос харахад Негругийн ус нь хар, Амазонкийн ус шар өнгөтэй харагддагаас "Дэлхийн байгалийн наймдахь гайхамшиг"-т тооцогддог. Үүн лүгээ адил Монголын Алтай Таван богдын мөсөн голуудын цагаан тоос шороо, лаг шаврын зүйлийг урсгадаг Цагаан гол, Ховд голтой нийлсний дараа зүүн эргийн ус нь сүүн цагаан, баруун эргийнх нь хар өнгөөр ялгарч урсдагийг нисэх онгоц хэрэглэлгүйгээр тод ажиглаж болдгийг Дэлхийн байгалийн ес дэх гайхамшиг гэлтэй. Анхны дархан цаазтай уул. Улаанбаатар хотын дэргэд орших Богдхан уул монголын төдийгүй дэлхийн хамгийн ууган дархан газруудын нэг юм. Энэ уулыг 700 гаруй жилийн тэртээ буюу Хэрэйдийн Тоорил вангийн үеэс дархан уул гэж үзэж тэнд мод огтлох, ан хийх, газар ухахыг хориглож байжээ. Түшээт хан Юндэндоржийн санаа-чилгаар 1778 онд Богдхан уулыг албан ёсоор дархалж, 28 амыг нь тусгай харуултай болгожээ. Халхын хүйс. Төв аймгийн Эрдэнэсант, Өвөрхангай аймгийн Бүрд сумдын нутгийн заагт үзэсгэлэнт сайхан, дархан цаазат Батхаан уул (д.т.д 2117 м өргөгдсөн) оршдог. Энэ уулыг дээр үеэс Халхын хүйс гэж үздэг байв. Шөнө урсаж, өдөр татардаг гол. Говь нутгийн Эхэн Зулганай гэдэг жижиг гол шөнө урсаж, өдөр нь татарч хуурайшдаг. Энэ нь уг нутагт шөнийн цагт харьцангуй хүйтэн, ууршилт багатай байдаг, өдрийн цагт голын усны ууршилт нэмэгддэгтэй холбоотой аж. Далан гурав дахин гатлуулдаг горхи. Ховд аймгийн Манхан сумын нутаг "Ботгон хавцал"-ын дундуур Гулз, Залаатын горхиуд нийлж урсдаг бөгөөд хавцлаар зорчигсод уг горхийг 73 дахин гаталдаг. Байгалийн "Элгэн тараг". Завхан аймгийн нутаг Отгон-тэнгэр уулын өвөрт мөстлөгийн гүн хунх хадан хонхорт тогтсон Бадар хундага нуурын хавьцаа цагаан шаргал өнгийн, гаж буруу үнэр амтгүй элгэн тараг шиг шавар байдаг агаад түүнээс уусан идсэн хүн бие чийрэгжиж нас нь уртасдаг гэлцэнэ. Хүрэмийн боом. Говь-Алтай аймгийн Халиун сумын Овооны нурууны баруун хойд салааны хүрмэн хадан дундуур гарсан замыг Хүрэмийн боом гэнэ. Хүн зассан мэт сонин тогтоцтой энэ ташлангаар ууланд явж сайтар дассан мориор юм уу бага зэргийн нуруу ачсан сарлаг л давдаг. Жаран тогоот. Баянхонгор аймгийн нутагт Их богд уулын үргэлжлэл Жаран (Жаран тогоо) хэмээх хүрмэн чулуун уул бий. Бороотой үед эдгээр тогоо нь усаар дүүрч Жаран нуур цөөрөм тогтон нутгийн хүн, мал, адгуус амьтныг ундаалж тав тухыг нь хангадаг. Соёмбот уул. Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын нутаг Цэгэрийн голын аманд Соёмбот хэмээн нэрлэгддэг уулын энгэр дээр соёмбыг 50x25 метр хэмжээний талбайд долоон өнгийн чулуу орж бүтээсэн байдаг. Уг соёмбыг XIX зууны үед урласан гэж судлаачид үздэг. Хос тахилгатай овоо. Архангай аймгийн Тариат сумын нутаг Тэрхийн цагаан нуурын хойд эрэгт одоо байхгүй болсон нэгэн овоог эхлээд бөө нар, дараа нь буддын шашин дэлгэрсэн цагаас хойш шарын болон бөөгийн шашныхан хамтран нийлж тахин идээ шүүс өргөдөг байжээ. Энэ ёслол 1930-аад он хүртэл уламжлагдаж 1930-аад оны дундуур шашингүйн үзэлтнүүд овоог нурааснаар тасалджээ. Говийн хангай. Говь нутагдахь ус, ургамал жигдэрсэн хэсэг газрыг Баянбүрд гэнэ. Говьчуул түүнийг "Говийн хангай" ч гэж нэрлэх нь бий. Баянбүрдийн жилийн дөрвөн улирлын ус, ургамлын таатай нөхцөл ньтэнд хавтгай, хулан, тахь, мазаалай зэрэгамьтдын амьдрах нөхцөлийг бүрдүүлнэ. Монголын говьд 80 гаруй ийм баянбүрд бий гэж судлаачид тогтоосон бөгөөд эдгээрийн ихэнх нь Говийн их дархан газар, Говийн бага дархан газар, Говь Гурвансайханд буй. Ёлын ам. Өмнөговь аймгийн нутаг Гурван сайхан уулын Зүүн сайхан уулыг зүүн хойш сэтлэн урссан горхины хавцал өнө удтал ёл шувуу үүрлэн нутаглаж ирсэн учраас Ёлын ам гэж нэрлэгджээ. Энэ хавцал зургаан км орчим үргэлжилж уулаа огтлон талд гарна. Хангайг говьд аваачсан мэт тунгалаг ус, нов ногоон зүлэг, анхилам сайхан арц сонгинын үнэрт энэ үзэсгэлэнт хавцлын сүрлэг хадан цохиодын дээгүүр ёл шувуу эргэлдэн, аргаль, янгир сэрийлцэн байх нь үнэнхүү гайхамшиг. Хавцалд тогтсон зузаан мөсөн доогуур горхи хоржигнон урсах нүхэн доогуур хүмүүс мөлхөн гарах бөгөөд мөс нь хайлалгүй жил өнжих нь олонтаа. Төв хэсэгтээ 300 орчим метр элгэн ханат хавцлын ам эхэндээ тавиун байснаа нарийссаар дунд хэрдээ хүн зөрөхөөргүй нарийсдаг. Үзэсгэлэн төгс Ёлын ам хаа газрын гийчдийн саатан сонирхдог газрын нэг билээ.

 

Сэтгэгдэл бичих



Сэтгэгдлүүд

2020-02-16 -

Бичсэн: Зочин

сайхан мэдээлэл байна баярлалаа

Шууд холбоос


Бичлэг: 1 » Нийт: 30
Өмнөх | Дараагийн




:-)
 
xaax